MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Байтаг Богдын байлдааны цаад гол санаа буюу үндсэн шалтгаан

Байтаг Богдын байлдааны цаад гол санаа буюу үндсэн шалтгаан

Байтаг Богдын байлдааны цаад гол санаа буюу үндсэн шалтгаан бол гоминданы хятадын талаас Монгол улсыг НҮБ-д элсүүлэхгүй , түрэмгийлэгч улс гэж харуулах байсан бөгөөд Монгол Хятад хоёр улс хил тогтоосон хилийн гэрээгүй байдлыг далимдуулан хил зөрчиж хил дээр байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнээс эхтэй юм. Гоминданы хятадууд энэхүү байлдааны ажиллагаандаа Оспаны дээрэмчдийг өөрийн талдаа урвуулан үйл ажиллагаандаа ашиглаж Монгол улсын хилд халдаж байжээ . Байтаг богдын тулгаралтын 70-н жилийн ой болж байгаатай холбогдуулан МОНГОЛ Улсын баруун хилийг хамгаалж байсан ахмад дайчин Л.Даваажав гуайн дурсамж ярилцлагаас ..... .. Монгол эх орныхоо дархан хилийг хамгаалахаар амь биеэ үл хайхран тэмцэж явсан ахмад дайчид одоо тун цөөн үлджээ . Одоо энх тунх байгаа ахмад дайчин Даваажав 1929 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ламцэрэнгийн 10 хүүхдийн 9 дэх нь болж мэндэлжээ. Даваажав 1947 оны 6-р сард ахыгаа даган 18-тай сайн дураар цэрэгт явжээ . Тухайн үед ээж нь “Миний хоёр хүү минь хоёулаа буу үүрээд явах гэж үү” хэмээн нулимс урсгасаар үлджээ . Даваажав Ховд аймгийн төв дэх 4-р морьт хороонд очиж цэргийн карантинд байж байгаад нэг шөнө түргэн авч шууд замд гарч Ховд аймгийн Булган сумын Булган голын хөвөөнд тангараг өргүүлээд тэр өдөртөө шууд хил дээр очжээ . Ингээд цааш Даваажав гуай ярихдаа .........Биднийг түрэн маршаар хил дээр очиход байрлах байр байхгүй тул цэргүүд газар ухаж, бургас мод зулан дээвэр хийж орогнолоо. Нүхэн байр маань хаалга шиг юмтай, хаалгыг нээх, хаах тоолонд толгой дээрээс шороо бургин орж ирнэ. Цэрэг бүр хоёр хоёр гранаттай ба унтахдаа гранатаа хүзүүндээ зүүгээд, малгайгаа тайлж дэрлэсэн болоод хувцастайгаа бүхлээрээ амарна. Тэгээд өдөрт нэг удаа хивэгтэй хар хөх усан шөлний нормтой, өдөржин нүх ухаад, шөнөд нь манаанд гараад хоол унд муутай байхаар туйлдаж, өлсөнө. Өлсгөлөнд олон сар байхаар тураалд орж “сул биетэн” гэгч олон болж байв. Хилийн ойролцоо буун дуу гаргаж болохгүй. Тиймээс нутгийн гүн рүү явж гөрөөс агнаж сульдсан цэргүүдээ жаахан тэнхрүүлдэг байсан. Улс төрийн өлсгөлөн зарлахад 72 цагийн дотор албадан эмчилгээнд оруулдаг шүү дээ. Гэтэл 300 хоног өлсгөлөнд байна гэдэг ямар хэцүүг эргээд төсөөлөхөд ч бэрх. Хувцасаа тайлахгүй удахаар хачиг бөөсөнд баригдаж, бөөсний хижиг өвчин гарч мөн ч олон цэрэг өвчнөө даалгүй нас барсан даа. 1947 оны намраас 1948 оны хавар хүртэл 10 сарын турш ээлж амралтгүй, өдөр шөнийн алинд ч зэвсэгтэйгээ, шороон хуймаг шиг бөөс, хуурсанд баригдаж, өлөн зэлмэн ийм л байдалтай байсан. Ингэж бас хил зөрчигч дайснуудаас гадна халдварт өвчин, өлсгөлөнтэй тэмцэж бас давхар тэмцэж байсан . Бид тангараг өргөхдөө “Амь насаа хайрлахгүй” гэж амласан. Тиймээс ч өлсөх, өвдөх, ядрахыг үл тоож, өргөсөн тангарагтаа үнэнч байсан. Хэрвээ өргөсөн тангарагаа биелүүлэхгүй бол “Эх орны өмнө хуулийн цээрлэл хүлээнэ” гэсэн ёс суртахуун бидний цээжинд, тархинд бичээстэй байлаа. Цэргийн хээрийн шүүхээр хуулийн дээд хэмжээ авч, жагсаалын өмнө буудуулсан тохиолдол ч бий. Ямар ч өчиггүй буудна. Дорж гэдэг салаан дарга харуулд гарч байгаад 200 гаруй цэрэгтэй Хятадын Гоминданы цувааг хараад цэргээ аваад ухарсан юм билээ. Гэтэл түүнийг дайснаас ухарч, зугатсан хэргээр Цэргийн хээрийн шүүхээр шүүж, жагсаалын өмнө шууд буудсан. Оспанын дээрэмчид байн байн орж ирж нутгийн малчдын мал хөрөнгийг дээрэмдэхийг оролдоно. Тэднээс иргэдээ хамгаалж, эд хөрөнгийг нь бүрэн авч үлдэхийн төлөө бид бүх чадлаараа хичээж байсан , тухайн үед Дорж хүч тэнцвэргүйгээ мэдээд ухарсны төлөө ингэж шийтгүүлж байсан юм . ...........Тухайн цаг үед цэргүүд “Амьд баригдвал тамлуулж, дайсанд хэл болно. Тиймээс байгаа бүх зэвсгээрээ тулалдаад, нэг гранатаа үлдээгээд Тэгшээ, Гиваан баатар шиг өөрсдийгөө тэслэнэ ” гэж ярьдаг байсан ........... Нэг удаа Оспаны болон гоминданы хамтарсан 600 гаруй хүнтэй бүлэг манай хилийг зөрчиж буудалцаан болсон . Дээрэмчидтэй тулалдан буудалцах , манаанд гарах гээд хоёр өдөр, хоёр шөнө нойр, хоолгүй явсан болохоор маш их ядарч, чимээ түр намжихаар бууныхаа замгийг мөргөөд үүрэглээд байв. Аньсагаа шүлсээрээ норговол нойр сэргэдэг гэсэн яриа санаанд орж шүлсээ нүдэндээ түрхлээ. Хоол ундгүй удаан явахаар шүлс өтгөрөөд юун нойр сэргээх, нүдийг улам наалдуулж завааруулаад нэмэр болсонгүй. Хүн хоол ундгүй хэд хоног явж чадах ч нойргүй удаан явж чадахгүй юм билээ. Буудалцаан дуусахад бид хэвтмэгцээ л нам унтчихсан . Хил зөрчигчид ухрахдаа толгойдоо буудуулж нүүр ам нь мэдэгдэхгүй шахам болсон нэг хятад, хүзүүгээ нэвт буудуулсан хээр морь үлдээгээд явсан. Дайсан явсан хойно Мадриг гэх дарга маань офицер, бага дарга нараа дагуулж байлдаан болсон газар очсон юм. Тэнд цус тогтоогүй газар бараг алга. Мадриг дарга учрыг тайлбарлахдаа “Тэд нар газар ухаж байрлалгүй, урдаа жаахан шороо, чулуу овоолчихсон. Чулуу нь бууны суманд хагарч нэг биш, нэжгээд сум болон тэсэрнэ. Энэ байдлаас харахад хятадууд их хохирол үзжээ” хэмээн хэлсэн дээ . Бас нэгэн өрөвдөлтэй санаанаас гардаггүй юм бас болсон , тэр үед манай дээр Ваанчиг гэж эмч байсан. Бэртсэн цэргүүдийн шархыг цэвэрлэж, өвчнийг намдааж их тус хүргэж байлаа. Сая ярьсан буудалцаанаас хоёр хоногийн дараа Ваанчиг эмчийн охины бие өвдөж, хүндрэх шинжтэй болсон. Түүнийг охиноо отрьядын эмнэлэгт үзүүлэхээр явахад нь би ханиндаа явсан юм. Хээр замд явж байтал хөөрхий охин өвчнөө даалгүй өөд болчихсон. Эцэг эх нь хүүхдээ цагаан даавуунд ороогоод хадны ёроолд толгойг нь түшүүлж орхиод явсан. Ээж нь охиныхоо цогцост хоргодоод явмааргүй шинжтэй байгаад байсан. Тэгэхэд Ваанчиг эмч “Одоо хоёулаа яая гэхэв дээ, ард биднийг олон хүн хүлээж байгаа” гээд дагуулаад явахад нь дотор өмөрч байлаа. Эх орныхоо төлөө тэмцэж буй эр цэргүүдээ эмчлэхийн төлөө өвчтэй үрээ эмнэлэгт хүргэж чадалгүй алдсан даа хөөрхий . Тухайн цаг үед бидэнд Монгол улсынхаа төлөө “Өргөсөн тангарагтаа үнэнч байна” гэсэн ёс суртахуун бидний цээжинд, тархинд бичээстэй байлаа ..................гэж ярилцлага өгчээ. “Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол” энэ үгний цаана Монгол эх орныхоо төлөө хичнээн баатар эрс , эх орны торгон хил дээр харийн дайсны эсрэг тэмцэж яваад алтан амиа алдсан бол гэж бодохоор сэтгэл эмтрэхээр юм. Тухайн цаг үед цэргийн нууц гээд үрэгдсэн олон цэрэг эрсийн нэрс дарагдсан байдаг . Гэтэл тэр нэр нь тодроогүй баатар эрсийн амь насаар Монгол улсын тусгаар тогнол хил хязгаарын аюулгүй бүрэн бүтэн байдал хамгаалагдан үлдсэнийг хойч үе мартаж боломгүй . Төр засгаас хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнд тусламж үзүүлж байгаа , энэ нь зөв, тэгвэл бас эх орны торгон хилд амь насаа алдсан эрчүүдийн нэрс , тэдний ар гэр төрөл төрөгсөдийг тогтоох ажил мөн л зэрэгцэн явагдах ёстой . Хилийн цэргийн архив 1953 онд шатсан, одоо барьж болох ганц архив тагнуулын байгуулагад байгаа . Эндээс хил дээр амь насаа алдсан хилчин дайчдын нэрсийг бүрэн тодруулах , төрөл төрөгсөдийг олж тогтоох ажлыг зохион байгуулж ажиллах шаардлага байна . Тэр бүү хэл 1962 онд хил тогтоох үед 1947 оны 6 сарын 5-ны байлдаанд амь үрэгдсэн Ж.Жамабалхан салаан даргатай найман дайчны шарил Хятадын талд одоо хүртэл байгаа юм байна . Баруун хилийн байлдаанд Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд, хилийн цэрэгт туслах бүлэг гээд нийт 25 000 орчим хүн оролцсоноос одоо 50-иад хүн амьд сэрүүн байгаа аж. Энэ байлдаанд эрэлхэг зоригтой байлдсан хүмүүсийн овог нэр нь тодорхой байдаг ч бас эрэлхэг зоригтой байлдаж байгаад амь үрэгдсэн, нэр нь тодроогүй хүмүүс ч байгаа аж. Тухайн үед цэргүүдийг хүн гэж үздэггүй, эрх зүйн бичиг баримт сайнгүй, архивт бичиг баримтыг нь шилжүүлэх ажиллагаа дутуу дулимаг явагдсанаас зарим хүний нэр тодроогүй, амь үрэгдсэн байдаг. Баруун хилд 1934-1952 онд 62 удаа байлдааны ажиллагаа Баян-Өлгий аймгийн Даянгийн заставаас авхуулаад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг хүртэлх баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон 1200 гаруй км, фронтын өргөн нь өнөөгийн улсын хилийн шугамаас Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Зэргийн гол хүртэлх 250 км газар нутгийг хамарсан гэж байгаа нь ямар том хэмжээний байлдааны ажиллагаа болсоныг илтгэж байгаа юм . Баруун хязгаарт эх орны дархан хил дээр ард олон газар нутгаа хамгаалж Гоминдан хасгийн дээрэмчидтэй амь хайргүй тулалдаж байсан дайчин эрчүүдээс 10-н Монгол улсын баатар төрсөн .