MongoliaX

MongoliaX.MN веб сайтаас үнэн ботид, сонирхолтой, шинэ технологи, шинжлэх ухааны, байгаль, аялал жуулчлал, түүх, сонирхолтой нийтлэл мэдээллийг байнга уншиж байна уу.

Цагаан сар тухай

Цагаан сар тухай

Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон сайхан зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр юм. Цагаан сар гэдэг нэр нь монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг хамгийн ариун сайхан, аз жаргалын бэлгэдэл болгон үзсээр ирсэнтэй холбоотой.

Түүхэн баримт, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монголчууд эрт дээр үед цагаан сарыг эдүгээгийнх шиг өвлийн сүүлч, хаврын эхээр биш харин цагаан идээ элбэг, мах хүнс элбэг, ан амьтан чадалтай намрын сард тэмдэглэдэг байжээ. Намар цаг нь мал маллаж, ан гөрөө хийж амьдардаг байсан анчин Монголчуудын хоол хүнсний хувьд жилийн хамгийн элбэг дэлбэг цаг юм. Ан ав их хийдэг байсан тул эрчүүд дайнд баатарлаг эр зоригтой бэлтгэл сайн байдаг байсан байна.

Манжууд Монголыг эзэлж аваад өөрийн соёлд уусган нэгтгэх гэж өөрсдийн хаврын эхэн сарыг угтах баяртай хамт хийж байхыг даалгаж энэ нь 200 жил орчим явсны үр дүн Монголд хэвшил болон тогтсон баярын хугацаа юм. Цагаан сарыг баярыг намар тэмлэглэх уламжлал одоо ч зарим монгол хэлтний дунд, тухайлбал, Халимагт зул сарын баяр гэж ёслол үйлддэг. Харин түүхэн явцдаа монголчууд мал төллөж эхлэн идээний дээж амсах үеэр цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон билээ.


Уламжлал ёсоор цагаан сарын баярыг тэмдэглэхийн бэлтгэл болгон өвлийн сүүл сарын хорин есний өдөр айл бүр хир тоосоо арилган гэрээ цэвэрлэж бэлтгэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог.

Ингээд битүүний өдөр гэж нэрлэгдэх сарын сүүл буюу гучны өдөр ёслолын зууш болох хонины ууц болон бусад махыг чанаж, уламжлалт хэв загвараар бэлтгэн хийсэн ул боовыг олноор давхарлан тавагт өрж, чихэр жимс, амттанаар ширээгээ чимэглэн, мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарган эр хонины чанасан ууцаа тогтсон дэгийн дагуу цар тавганд тавьдаг юм.

Битүүлгийн ёслолын идээ цай бэлэн болгоод нар шингэх үеэс айл бүр хувь хувьдаа битүү гаргах буюу битүүлэг гэдэг өвөрмөц ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгонд мөс, зүүн тотгонд өргөстэй харгана тавиад /гэрт муу юм оруулахгүй гэсэн утгатай/ гэртээ орж шаант чөмөгний мах идэж, ясыг сайн мөлжөөд "Битүү гаргах уу" гэж асуухад гэрт буй бүх хүн "Битүү гаргая, гаргая" гэж хариулна. Ингээд чөмгийг ташиж /нэг л удаа заавал хугалахаар цохин чөмгийн гаргадаг/ "Битүү гарлаа" гэсний дараа хоорондоо насны эрэмбээр “Тавтай битүүлж байна уу” хэмээн мэндэлцгээнэ. Дараа нь өрхийн тэргүүлэгч эсвэл ахмад настан ууц таллан идээний дээж амсан хишиг түгээж, гэрийнхэн бүгдээр хоол цай идэж уун ёслол үйлддэг.

Ууцыг таллахдаа уламжлалт журмын дагуу гүйцэтгэх ба гал голомтын хувийг тусгайлан авч тавина. Ууцаа хөндөж гүйцсэний дараа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч гэрийн эзэн болон түүний удаах хүнд “ууцны тал буюу хишиг” хэмээн хэлж бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган барьж өгнө. Түүнийг нөгөө хүн мөн гараа сунган хүндэтгэлтэйгээр хүлээн авна. Ингээд ууцныхаа хоёр талаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиг хэсэг болгон хийж битүүлэгт оролцож байгаа бүх хүмүүст дамжуулан хүртээж амсуулна.

Ингэж гэр дотроо битүүлж ёсолсны дараа айл саахалтынхан харилцан зочилж, "Сайхан битүүлж байна уу?" хэмээн асуулцаж баяр хөөрөө хуваалцан хуучин оныг мэнд аз хийморьтой үдэж буй энэ ёслолыг тэмдэглэдэг учиртай. Энэ бүхэн нь малынхаа тэр жилийн ашиг шимийн дээжээр зочноо дайлж буй утгатай. Маргааш нь шинийн нэгний өглөө гоё хувцсаа өмсөцгөөн хот айлын хамгийн өндөр настныд цугларан насныхаа эрэмбэ дараагаар амар мэндийн ёсыг гүйцэтгэнэ. Тэгэхдээ хүн бүр малгай өмсөн ариун цагаан хадаг дэлгэн барьж, хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настныхаа тохойн дороос түшин “амар сайн уу, сар шинэдээ сайхан шинэлж байна уу, онд мэнд тарган тавтай оров уу” гэх мэт золгоход ахмад нь “Урт настай, удаан жаргалтай яваарай, сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж бэлэгтэй үг хариуд нь хэлдэг. Насаар дүү хүн ахмадынхаа тохойг дороос нь барьж золгодог нь хүнд үед түүнийг хэзээд түшиж тулна гэсэн утгатай.

Шинийн нэгний тухай
Шинийн Нэгний өглөө эрт шинэхэн чанасан цайныхаа дээжийг хангай дэлхий болон гэрийн гал голомтдоо өргөж, эрчүүд нь идээ цайны дээжээ аван өөрсдийн тахин шүтдэг уул усны овоо эзэндээ өргөл өргөж шинэ оны идээ цайны дээжээ амсуулж арц хүж асаан өөрсдийн сүлд хийморь, ажил үйлсээ даатгадаг байна.
Хангай дэлхий болон уул усны сахиуснууддаа идээ цайны дээжээ өргөсөн бол гэртээ ирж цай хоолоо идэж гэр бүлийн золголт хийж ах дүүгээ хүлээн авч хамаатан садангаар зочилдог байна.




Хариулт үлдээх

Сэтгэдэл бичихдээ эхлээд бодоод дараа нь бичнэ үү.
* тэмдэгтэй талбарт заавал мэдээлэл оруулан!


300 ширхэг үсгийн хязгаартай

secret code