Амны хөндийн эрүүл мэнд

Амны хөндийн эрүүл мэнд

Шүд болон шүдний буйлын өвчин дэлхий дээрх хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг. Гэвч амь насанд аюулгүй учраас хүмүүс тийм ч чухалчлан үздэггүй нь харамсалтай.

Амны хөндий хоол боловсруулах үйл ажиллагаанд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс амны хөндийн гаж үзэгдлүүд хоол боловсруулалтад сөргөөр нөлөөлдөг байна.

Амандаа хийсэн хоол зажлагдаж бутран, шүлсний тусламжаар залгигдан боловсруулалтад бэлтгэгддэг учиртай. Амны хөндийн хоёр төрлийн өвчин байдаг. Буйлны өвчин хүндэрсэн үедээ шүдний уг болон эрүүний ясанд сөрөг нөлөөтэй. Шүд өвдвөл хүний биеийн бусад эрхтнүүдэд ч муу. Тухайлбал, зүрх, бөөрний өвчин, үрэвслийг сэдрээдэг. Зарим тохиолдолд бөөр, зүрхний өвчин үүсгэх хандлагатай гэнэ.

Шүд хорхойтох

Шүд хорхойтуулдаг нян чихэрлэг бүтээгдэхүүнд элбэг агуулагддаг. Хэрвээ шүдээ тогтмол угааж арчилж байвал нян шүдийг хорхойтуулахгүй. Шүд хорхойтсоноор цоорч, ёзоор болох тохиолдол ч бий. Түүнчлэн аяндаа эдгэдэггүй бөгөөд эмчид түргэн хандахгүй бол улам хүндэрч шүдээ авахуулахаас өөр аргагүйд хүргэнэ.

Шүдээ цэвэрлэхгүй бол амны хөндийд хоолны үлдэгдэл болон нянгууд улам үржиж шүдийг цоолон иддэг байна. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг амтлаг болгохын тулд найрлагад нь хүчил буюу кислот хийдэг бөгөөд энэ нь шүдэнд маш муу нөлөөтэй. Уг хүчил шүдний гадаргууд наалдан цоолж байдаг байна. Цоолж нүхлэгдэн улмаар ёзоор болж өвдөж эхэлдэг гэнэ. Харин ёзоор болсон шүдийг даруй эмчлэхгүй бол буйлыг өвчлүүлдэг. Үүнийг буйлны хавдар гэдэг аж.

Мөн шүд өвдөхгүй, эрүүл байна гэж бүү бодоорой. Шүд хэт их хорхойтож цоорсон үедээ өвдөж эхэлдэг. Тиймээс бага зэрэг хорхойтой үед эмчлүүлбэл сайн. Түүнчлэн шүдний зураг авахуулан өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Хэт хүндэрсэн шүд эмчлэхэд их зардал гардаг. Урьдчилан сэргийлэх нь нийгмийн болоод эдийн засгийн ашигтай.

Сүүлийн үед хүмүүс хиймэл шүд ихээр хэрэглэх болсон. Гэвч ямар ч эрхтэн төрөлхийн эрхтэнг орлуулж чадахгүй. Шүд эрүүл байх нь шүдний эрүүл мэнд, ариун цэврээс шалтгаалдаг учир байнга оогоор угааж занших хэрэгтэй. Ооны найрлагад байдаг флор шүдийг хорхойтохоос хамгаалдаг билээ.