Улаан Малгайтны бослого Монголын түүхэнд эдгэшгүй шарх болон үлдсэн
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Улаан Малгайтны бослого Монголын түүхэнд эдгэшгүй шарх болон үлдсэн юм. Монголчууд олон мянган жилийн түүхэндээ хэзээ ч ингэж харь дайсны өмнө гар хумхин зүгээр зогсоод хядуулж байгаагүй юм. Дайсан ахар богино хугацаанд 150 мянган Монгол хүний амийг хөнөөж, олон арван сүм дуганыг эвдэн сүйтгэж олон хошуу нутагт Монголчуудыг бүрэн устгасан юм. Чин улсын засгийн газраас үндэстэн хоорондын зөрчлийг шийдэх гэсэн хоосон оролдлогын нэг хэсэг болгож аллагын хохирогч Монголчуудад мөнгөн тусламж өгөхийн хажуугаар аллагын буруутан хятадуудад ч мөнгө төлж цусан өшөө авахыг хориглосон зарлиг гаргажээ. Мөн Монгол нутагт байгуулагдаад удаагүй хятад гацаа суурингуудын татварын хэргийг Монгол ноёдоос авч тухайн гацаа суурингийн хятад захиргаанд хариуцуулсан байна. Энэ бүх арга хэмжээ нь хятадуудад ашигтайгаар шийдэгдэж Монгол хошуу захиргаадын хүч нөлөөг ихэд бууруулжээ.
Бүс нутагт үүссэн үндэстэн хоорондын үл итгэх байдал, зөрчилдөөн цаашид олон арван жилийн дараа ч үргэлжилсээр байсан юм. Ялангуяа хятадын иргэний дайны жилүүдэд байдал ихээхэн хүндэрчээ. 1930-аад онд Монголын нөлөө бүхий ноёд Манжгогийн засгийн газарт хандаж хятад тариачдын нүүдлийг зогсоох, ирж суурьшсан хятадуудыг хятад нутаг руу нь буцаах талаар дэмжлэг хүссэн байна. 1945 онд Өвөр Монголд Монгол-Зөвлөлтийн цэрэг орж ирснээр харийн дарлалд олон арван жил талхигдсан нутгийн Монгол хүн амын нуруу олон жилийн дараа анх удаа тэнийх боломж олдсон юм.
Улаан малгайтны их хядлагаас зугтаж зуун мянга илүү Монголчууд умар зүг Хянганы нурууны зүг дүрвэжээ. Ингэснээр ард үлдсэн нутаг дэвсгэр нь эзгүйрч оронд нь цагаач Хятадууд улам ихээр ирж суурьшсан байна. Ялангуяа XX зууны эхэн гэхэд Зуу-Уд, Жиримийн чуулгадын нутгууд тэр чигээрээ тариалангийн талбай болон хувирчээ.
Энэхүү аллагын талаар тэмдэглэж үлдээсэн Монгол эх сурвалжуудын ихэнхи нь Чин улсын Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд хадгалагдаж байгаад 1901 онд Боксерийн бослогын үеэр үрэгдэж алга болжээ.
Энэхүү аллага нь барууныхны анхаарлыг татах онцгой нэгэн шалтгаантай байсан нь өнөөдөр дэлхийн олон нийт болсон явдлын талаар өөр нэг гуравдагч эх сурвалжаас илүү бодитой мэдэж авах боломж олгосон байна. Улаан малгайтнууд Зүүн ба Баруун Харчин хошуудад байсан католик сүм хийдийг шатааж Христийн шашинд элссэн нутгийн болон хятад иргэдийг алж хяджээ. Энэхүү дайралтад янз бүрийн эх сурвалжийн зөрүүтэй мэдээллэснээр 170-1200 хүн амь алдсан байна. Боржигин Бүрэнсайн гуайн бичсэнээс үзвэл Христийн шашинтнууд босогчдын үндсэн бай нь байгаагүй ажээ.
Хэрэг явдалтай холбоотой Хятад эх сурвалжууд нь ихэвчлэн бослогыг дарахаар Чин улсын илгээсэн хятад цэргийн тайланд тулгуурласан байдаг байна.
Аллагын талаар өнөөгийн БНХАУ-ын албан ёсны байр суурь нь империализм, феодализмын эсрэг тариачдын бослого байсан мэтээр номлодог байна. Аллагад Өвөр Монголд үйл ажиллагаа явуулж байсан Христийн номлогчид өртсөнийг тэд дарлагдан зовсон хятадын ядуу тариачид харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан болгож, Монгол лам тайж нарыг үгүй хийх хэрэгтэй дарлагч ангийн гишүүд байсан гэж тайлбарладаг байна. Хятадын Коммунист Намын суртал ухуулгад Монгол Хятадын үндэстэн хоорондын мөргөлдөөний талаар нэг ч үг дурдалгүй аль болох нуун дарагдуулах оролдлого хийсээр байна. Жишээ дурдвал Улаан Малгайтнуудын “Чин улсыг мөхөөж, Монголчуудыг үгүй хийе” гэсэн уриаг өнөөгийн хятад ном хэвлэлүүдэд “Чин улсыг мөхөөж, барууныхныг үгүй хийе” гэж өөрчлөн бичдэг байна. "Монголчуудыг алж өшөөгөө авцаая" гэдэг уриаг “Монгол ноёдыг алж өшөөгөө авцгаая” гэсэн уриа байсан болгож бичдэг байна. Хэдий коммунистууд Монгол хүн амын тархийг худал гуйвуулгаар угаахыг оролдож байвч Өвөр Монголчууд хэрэг явдлын талаар бодит үнэнийг одоо болтол мартаагүй юм. 1990-ээд онд хятадын хэвлэлүүдээр улаан малгайтны бослогын ойг тохиолдуулан уг бослогын удирдагчдыг алдаршуулан магтсан нийтлэлүүд гарсныг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн ч гарч байсан байна.
Манжийн дарлалд өнгөрөөсөн олон зуун жилийн хугацаанд Монголчууд энэ аллагын дараа өөрийн гэсэн тусгаар улсаа байгуулах, эрх чөлөөгөө тэмцэн олох нь зайлшгүй шаардлагатай юмаа гэдгийг нийтээрээ ухамсарлан нэгдмэл санаатай болсон юм. Баруун Харчин Хошуу ноёны орыг эцэг Вандуднамжилын араас залгамжлан суусан Гүнсэнноров тайж хошууны ард иргэдийг сургах сургууль байгуулж, Монгол цэргийг сурган бэлдэж эхэлсэн байна. Баруун Харчин Хошууны нөлөө бүхий ноёдын нэг, аллагаас азаар амьд гарсан Хайсан гүн хожим нь эхэлсэн 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын манлайлагчдын нэг болон оролцсон юм. Аллага зөвхөн Өвөр хошуудад төдийгүй Ар Халхын Монголчуудын хувьд ч аймшигтай шок болсон бөгөөд үүнээс олон жилийн дараа ч мартагдаагүй хэвээрээ байсан юм. 1911 оны 7-р сард Богд Жавзандамба хутагт Оросын эзэн хаанд Монголын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалд тусламж хүсч бичсэн захидалдаа дээрхи аллагын талаар дурдсан байдаг.
Өвөр Монголын нэгэн томоохон эрдэмтэн Улаан малгайтны аллагыг Соёлын Хувьсгалын үер Монголчуудыг бүр олноор нь хядахын өмнөх бэлтгэл байсан ч гэж хэлсэн байдаг. Харин нэрт эрдэмтэн Боржигин Бүрэнсайн гуай энэ аллага нь Монголчуудын түүхэнд үлдээсэн ул мөрийг Хятадын түүхэнд Хар Тамхины дайны үлдээсэн ул мөртэй зүйрлэхүйц эргэлт авчирсан үйл явдал юм гэж дүгнэсэн юм. Орчин цагийн Хятад улсын түүх Хар тамхины дайнаар эхэлсэн бол орчин цагийн Монголчуудын түүх Улаан Малгайтны аллагаар эхэлсэн гэж тэрээр дүгнэсэн байна. Энэ 2 үйл явдал нь 2 үндэстэнд харийн дарлал гэж чухам юу байдгийг бүрэн ойлгуулж дахиж ийм явдал гаргуулахгүй байх сэтгэл зориг төрүүлсэн гэдгээрээ адилхан юм. Өнөөдөр ч хятадын боловсрол хятадын ирээдүйн иргэддээ 1843 онд эхэлсэн Хар Тамхины Дайны түүхийг дэлгэрэнгүй зааж, "харийн түрэмгийлэл гэж юу болох, яагаад хятад улс хүчтэй байх ёстой вэ" гэдгийг тархинд нь шингэтэл суулгаж өгдөг байна. Зүүн Азийн үндэстнүүдийн нэг болох Солонгосчууд ч үүний нэгэн адилаар өөрийн орчин үеийн түүхийг Японы түрэмгийлэлд орсон 1910 оноос эхлэн тоолдог. Монголчуудын дээрхи үндэстнүүдээс ялгаа нь өөрсдийн түүхэнд эргэлт авчирсан энэхүү чухал үйл явдлыг мартсанд байгаа юм. "Түүхийг мартаж болохгүй. Түүхийг мартвал түүх давтагдах" гээд байдаг гэж нэг ухаантай хүн хэлсэн байдаг. Тэгвэл хятадын гүн ухааны эцэг гэгддэг Кунз “Ухаантай хүн бусдын алдаанаас, тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг” гэж хэлсэн байдаг.