АНУ-ын сансрын нисгэгчид өнөөдөр дэлхийд буцаж ирнэ

АНУ-ын сансрын нисгэгчид өнөөдөр дэлхийд буцаж ирнэ

Хоёр сар орчим хугацаанд тойрог замд ажилласан АНУ-ын сансрын нисгэгчид болох Даг Харли, Боб Бэнкен нар Dragon Endeavour хөлөгтэйгээ Олон Улсын Сансрын Станцаас салж, дэлхий рүү буцах замдаа гарчээ.

 

Хэрвээ бүх зүйл төлөвлөснөөр хэрэгжвэл тэд Улаанбаатарын цагаар өнөө шөнийн 2:40 цагт Флоридагийн эргийн ойролцоо далайн усанд буух юм.

Ингэвэл 2011 оноос хойш АНУ анх удаагаа сансрын нисгэгчээ өөрийн хөлгөөр сансарт хөөргөж, буцааж буулгах ажлыг бүрэн хэрэгжүүлж чадах ажээ.

Одоо АНУ-ын зүүн эргээр Исаяас нэртэй далайн хар салхи дэгдээд байгаа. Тиймээс NASA болон SpaceX компани сансрын нисгэгчдийг аюулгүй газардуулах газрыг олж тогтооход анхаарал тавин ажиллаж байгаа юм.

Цаг агаарын байдалд тохиромжтой нөхцөл үүсэх үед NASA зөвшөөрөл өгснөөр Dragon Endeavour хөлөг тийрэлтэт хөдөлгүүрээ асааж, тойрог замаас дэлхийн агаар мандлыг чиглэн хөдлөнө.

Хөлөг агаар мандалд орсны дараа гадаргуу нь Цельсийн 2,000 хэм хүртэл халах ажээ. Газрын гадаргаас 5,500 метр өндөрт хүрэх үед хөлгийн эх биенээс хос шүхэр дэлгэгдэж, уналтын хурдыг бууруулах юм.

Энэ үед хөлгийн уналтын хурд 560 км/цаг орчим байх гэнэ.

45 жилийн өмнө Америкийн сансрын нисгэгчид хамгийн сүүлд далайн  усан дээр бууж байжээ. Энэ бол Номхон далайн усанд буусан Аполло хөлгийн багийнхан байсан юм.

Бараг 10 жил Оросын сансрын хөлгийг ашиглан сансарт хөөрч байсан Америкчууд энэ оны тавдугаар сарын сүүлээр SpaceX компанийн Falcon-9 пуужингаар өөрийн газар нутаг дээрээс сансарт хөөрч байв.

SpaceX нь хүн сансарт нисгэсэн дэлхийн анхны хувийн компани болсон юм. Тус компанийн пуужингийн зарим хэсэг нь дахин ашиглагдах зориулалттайгаараа онцлог.

Удахгүй Boeing компанийн туршиж буй бас нэг хөлгөөр сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэхээр NASA ажиллаж байна.

 

Эх сурвалж: BBC