Монгол морь дэлхийн хоёрдугаар дайнд

Монгол морь дэлхийн хоёрдугаар дайнд

 

Дэлхий хоёрдугаар дайнд ЗХУ-ад Монгол улсаас үзүүлсэн "Ленд-Лиз" буюу дайны тусламжинд Монгол морь хамгийн ихээр тус дэмийг үзүүлжээ. Дэлхийн түүхэнд Дэлхийн хоёрдугаар дайн нь морьдыг ашигласан хамгийн сүүлийн дайн байсан бөгөөд чингэхдээ хоёр фронт хоёуулаа морьдын хүчийг урьд хожид байгаагүй ихээр ашигласан юм.

1941 оны зургадугаар сарын 22 ны өдөр Герман улс ЗХУ-руу халдан довтлох үеээр ЗХУ-ын Ажилчин Тариачдын Улаан Армийн нэг дивизэд нийт 3039 морьд "алба хааж" байжээ. Харин Германы вермахтын нэг дивизэд 6000 хол давсан морьд "алба хааж" байлаа. Герман улс ЗХУ-тай хийсэн дайнд нийтдээ нэг сая хол давсан их морьдыг дайчилсан бөгөөд эдгээрээс 88 хувь нь явган цэргийн дивизэд хамаарч байв.

Морьдын үндсэн үүрэг бол ачаа тээх явдал байсан бөгөөд автомашинаас ялгаатай нь зам харгуйгүй газраар туулах чадвар сайны дээр түлш шатахуунаас үл хамаарах явдал нь дайны үед хамгийн ихээр ач тусаа үзүүлсэн юм. Дайны үед эдийн засаг дээд зэргээр туйлдан доройтсон үед түлш шатахуунаар танк, автомашиныг хангана гэдэг хамгийн ТОМ бэрхшээл байв. Морьд нь дайны их аяан дунд хамгийн олдоц сайтай өвсийг идэх төдийхнөөр хүчээ сэлбэх нь хамгийн гайхалтай сайхан чанар байлаа. Зарим тохиолдолд цэргүүдийг морьд өлсгөлөнгөөс аварч өөрсдөө ч хоол болох үе байсан юм.
Морьдын энэ гайхалтай шинж чанарыг аль эрт мэдэрсэн Семен Михайлович Буденый 30-аад оны үед "Дайн болох үед морьд ямар их хэрэгтэй болохыг ойлгоно" гэж хэлж байжээ.

Дайны эхлэх үед ЗХУ-ын нийт хэмжээнд 526,4 мянган морьд Улаан Армид зүтгэж байсан бол тухайн оны 9 сарын 1 гэхэд 1сая 324 мянган морьд зүтгэх болжээ. Цаашид энэ тоо улам бүр өссөн бөгөөд нэг удаад ашиглагдаж байсан морьдын тоо хамгийн ихдээ 1,9 саяд хүрж байв.

Тулааны талбарт ч бас морьд их хэмжээгээр үхэж байсан юм. Дэлхий дахинд энх тайван тогтоох үйлсэд хүнээс дутахааргүй үүрэг гүйцэтгэсэн морьд тулааны талбарт олноороо үхэх нөхөж баршгүй гарзад тооцогдож байв. Томоохон тулалдаануудад ЗХУ 1 саяаас илүү морьдыг алдаж байсан бол Герман ч бас дутаахааргүй олон морьдыг алдаж байсан нь тодорхой. 1941 оны 6 сард ЗХУ 17,5 сая морьдтой байснаас тал гаруй хувь нь дайны эхний жилд үхсэн юм. Харин 1942 оны 9 сард ердөө 9-хөн сая морьд үлдсэн бөгөөд тэдний ихэнх нь дайнд зүтгэх чадваргүй нялх унагнууд байв.
Чухам энэ л хэцүү үед Монголын ард түмэн тусламжийн гараа сунган хагас сая морьдыг дайчилсны ачаар Улаан Арми хугацаа алдалгүй их буунуудаа зөөж, нялх унагнуудыг өсж өндийн фронтод зүтгэх боломж олгожээ. Европ морьдыг бодвол Монгол морьд нь Сибирийн эрс тэрс уур амьсгалд гайхалтай сайн дасан зохицож дайны хүндийг үүрсээр иржээ. Эдгээр хагас сая морьд нь ЗХУ болон Монгол улсын хооронд харилцан төлөөсөнд тооцогдож байсан бол үүн дээр нэмээд 32 мянган морьдыг Монгол ард түмнээс бэлэг болгон өгч байсан юм. Эдгээр 32 мянган морьд нь 6 дивиз болон хуваагдаж ачааны бус тулаанд оролцжээ. Дайны явцад ЗХУ нь дан ганц АНУ-аас дайны тусламж "Ленд-Лиз" аваад зогсохгүй Монгол улсаас ч бас авсан гэсэн үг юм. Берлин хүртэл нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэсэн Монгол морьдын төлөө Оросын ард түмэн баярлаж явдаг аж.