Цагаан сарын түүх

Цагаан сарын түүх

 

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.
 
Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна.
 
Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.
 
Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.
 
Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.
 
 
Хаврын тэргүүн сар гэдэг нь монголчуудын эрт дээр үеэс даган мөрдөж ирсэн цаг тоолол болох билгийн тооллоор тоологдох хаврын эхний сарыг хэлнэ. Хавар, зун, намар өвөл нь гурав гурван сартай. Гэхдээ шарын шашны зурхайд нарын шалтгааны улмаас зарим жилд илүү сар тоолох үе байдаг байж болно. Цагаан сарын баярын өдрүүд нь 3 хоног үргэлжилдэг. Энэ 3 хоногоо шинийн нэгэн, хоёрон, гурван гэж нэрлэнэ. Ингэж нэрлэж байгаа нь шарын шашны зурхайд нь сарын эхний өдрүүдийг шинийн өдрүүд гэж нэрлэдэг. Ер нь 3 хоног цагаан сар нь үргэлжилдэг боловч монголчууд түүнээс олон хоногоор цагаан сарыг тэмдэглэдэг.
 
Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүр өөр өөрийн нас хүйсээс хамаараад зурхайд заасны дагуу мөрөө гаргах гэдэг зан үйлыг үйлдэнэ. Энэхүү мөрөө гаргахыг зүгээ гаргах ч гэж нэрлэдэг. Мөрөө гаргасны дараагаар гэрийнхэнтэйгээ золгоно.
Золгохдоо эхнэр нөхөр хоёр золгож болохгүй. Бас жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгохгүй. Золгосныхоо дараагаар ойр дотны хамгийн хүндтэй хүмүүсийнхээ гэрт очиж золгоно.

Цагаан сарын гол идээ бүхлээр нь чанасан хонины ууц, бууз, цагаалга болно. Түүнчлэн тавгаа ул боов, еэвэн, ааруул, цагаан идээгээр засдаг уламжлалтай. Ирсэн зочиддоо айраг, архи барина. Хүүхэд багачууд ёс заншлаа сахиж морин хуур эгшиглүүлж гэрийн жавар үргээнэ Цагаан сарын шинийн нэгний өглөө нар ургахыг гэрийн тэргүүн сахиж ургах үед байгаль дэлхийдээ идээ будааныхаа дээжийг өргөж ирж буй жилээ нарандаа даатгадаг