Дэлхийн дулаарал түүний хор уршиг

Дэлхийн дулаарал түүний хор уршиг
Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн аюултай үйл явцын нэг нь дэлхийн дулаарал болж байгааг цаг уур судлалын хүрээлэнгүүд анхааруулж байна. Цаг уур судлаачдынхаар дэлхийн температур өнгөрсөн мянгантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн бөгөөд цаг агаарын энэхүү огцом, хурдацтай  дулаарал нь хүний хүчин зүйлээс ихээхэн шалтгаалж байгаа талаар тэд санал нэгдэж байна.  Дулаарлын энэ өөрчлөлт нь дэлхийд нүүрлэж буй цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн нэг шалтгаан болоод зогсохгүй дэлхийн мөс, цасан бүрхүүл хайлснаас далай, тэнгисийн усны түвшин ихээхэн нэмэгджээ. Түүнчлэн дэлхийн хурдацтай дулаарлын нөлөөгөөр Хойд мөсөн далайн мөсний дор хуримтлагдсан асар их  метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар АНУ-ын Сансар судлалын үндэсний төвөөс (NASA) сэрэмжлүүлж байна. Метан нь далайн гүнд мөстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагдсан байх бөгөөд хэрэв мөс хайлж усны температур нэмэгдэх буюу мөсний дээрх даралт буурвал метан хий чөлөөлөгдөж агаарт дэгдэхэд эзэлхүүн нь 170 дахин тэлж агаарын метаны хэмжээ үлэмж нэмэгдэн дэлхийн дулааралт илүү эрчимтэй явагдах бөгөөд цаг агаарын энэхүү өөрчлөлтийг тогтоон барих боломжгүй болох ажээ.

 Хиймэл дагуулын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн цаг уурын мэргэжилтэн Жей Зуалли 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүлэлдээ 2012 оны зун гэхэд Туйлын мөс бараг бүрэн хайлж дуусах магадлалтай байна гэсэн таамаглал дэвшүүлжээ.Сансрын хиймэл дагуул болон усан онгоцноос хийсэн судалгаагаар үзэхэд Хойд туйлын мөс (2007 оны 09 сарын байдлаар) 1950 оны түвшинтэй харьцуулахад 50% буурсан байна.  Гренландын гадаргуугийн мөсөн давхаргын нийт хэмжээ 15 жилийн өмнөх үетэй харьцуулахад 4 дахин багассан. Судлаачдын 77 жилийн турш хийсэн хэмжилтүүдээс харахад Хойд мөсөн далайн гадаргуугийн агаарын температур  хамгийн өндөр түвшинд  хүрээд байна.

 АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн цаг уурын шилдэг эрдэмтэн  James Hansen хэлэхдээ: “Бид эцсийн цэгийг өнгөрөөд байгаа ч эргэж буцалтгүй болсон цэгт хараахан хүрээгүй байна. Бидэнд алдаагаа засч энэ аймшигт байдлыг өөрчлөх боломж байна. Үүний тулд бид одоогийн байр сууриа өөрчилж нэн даруй хөдлөх шаардлагатай байна” гэжээ.

 

Хүлэмжийн хий ба дэлхийн дулаарал

Агаар мандалд байх усны уур, нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, озон зэрэг хий нь хүлэмжийн хийг бүрдүүлэх ба эдгээр нь дэлхийн температурыг дулаан байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хий нь байгалийн эх үүсвэрээс гадна хүний үйл ажиллагааны явцад үүсдэг. Түлш, шатахууны шаталт, цөлжилт зэрэг нь нүүрсхүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлдэг бол нүүрс олборлолт, хөрс хуулалт, мал аж ахуй зэрэг нь метаныг их хэмжээгээр нэмэгдүүлэгч хүчин зүйлс юм. Харин хүн амын хэт өсөлт, автомашины утаа, бензин шатахууны ууршилт, нүүрс түлдэг цахилгаан станц, цэвэрлэх болон бусад үйлдвэрүүдээс ялгарч буй азотын исэл болон нүүрсустөрөгч нь нарны хэт ягаан туяатай харилцан үйлчлэх үед орчих мандалд агаар бохирдуулагч-озон үүсч хуримтлагддаг. Ийнхүү агаарын найрлага дахь хүлэмжийн хий нэмэгдэж цаг агаар дулаарсны улмаас дэлхийн мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч байгаа нь дэлхийн гадаргаас буцаж ойх нарны цацрагийн хэмжээг бууруулснаар дулааралт илүү хурдацтай явагдахад хүргэж байна.

Одоогийн байдлаар хүрээлэн буй орчны байгууллагууд зөвхөн нүүрсхүчлийн хийн (СО2) ялгаралтыг  бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль, дүрэм боловсруулагчид зөвхөн түлшний эдийн засгийн стандартыг дээшлүүлэх, цахилгаан станцуудаас ялгарч буй нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгох зэрэг асуудалд илүү анхаардаг. Дан ганц нүүрсхүчлийн хийн асуудал нь өрөөсгөл болохыг АНУ-ын сансар судлалын үндэсний төвийн (NASA) нэрт эрдэмтэн доктор James Hansen  нарын судалгаа харуулж, дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан нь дан ганц СО2 ялгаралт биш болохыг тогтоожээ. Хүн төрөлхтөн асар их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж байдаг. Гэхдээ энэ нь дэлхийн дулааралд нөлөөлж буй үндсэн хүчин зүйл биш ажээ. Хүлэмжийн хийн бүрэлдэхүүнд байх бусад хий нь дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хийнээс хэдэн арав дахин илүү хүчтэй нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна. Тиймээс дэлхийн температурыг ойрын 50 жилийн дотор хурдан бууруулахын тулд нүүрсхүчлээс бусад хүлэмжийн хийг багасгах стратеги баримтлах шаардлагатай бөгөөд хамгийн их үр дүнтэй нь дэлхийн хүн амын махны хэрэглээг хязгаарлаж, цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм гэж эрдэмтэд зөвлөж байна.


Метан болон цагаан хоол

Text Box: Ус, цаг уурын мэргэжилтнүүд цагаан хоол хэрэглэх нь байгаль, цаг уурын дулааралтай тэмцэх хамгийн үр нөлөөтэй арга гэж үзэж байна.Сүүлийн үед дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй боловч агаар мандалд байх хугацаа нь харьцангуй богино буюу 8-10 жил гэж үздэг. Гэтэл нүүрсхүчлийн хий агаар мандалд 100 жил байдаг ажээ. 2007 оны байдлаар агаар мандалд байх нүүрсхүчлийн хийн хэмжээ аж үйлдвэрийн хөгжлийн өмнөх үеийнхээс 31%  нэмэгдсэн байхад метаны хэмжээ 150% нэмэгдсэн байна. Энэ нь хүний хүчин зүйлээс шалтгаалан асар хурдацтай нэмэгдэж буй метаны хуримтлал нь цаг агаарын дулааралд нүүрсхүчлийн хийнээс илүү сөрөг нөлөө үзүүлж байдгийг харуулна. Иймээс дэлхийн дулаарлыг бууруулахад агаар мандалд байх метаны хуримтлалыг бууруулах нь нэн тэргүүний зорилт болж байна. Метаныг хамгийн ихээр ялгаруулж байгаа гол үүсвэр нь мал аж ахуй гэж үздэг. Дэлхийн дээр мал аж ахуйгаас жилд 100 гаруй сая тонн метан ялгардаг гэсэн тооцоо бий. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаагийн шалтгааныг дэлхийн махны хэрэглээ өнгөрсөн тавин жилд тав дахин нэмэгдсэнээр тайлбарлаж болно. Мал амьтнаас ялгарч буй нийт метаны 85% орчим нь малын хоол боловсруулах үйл явцад үүсдэг. Нэг үнээнээс ялгарах метаны хэмжээ харьцангуй бага боловч дэлхийн амьтдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их юм. Үлдсэн 15% нь амьтдын ялгадаснаас үүсдэг. Нөгөөтэйгүүр амьтны ялгадас нь ундны ус бохирдуулах гол шалтгаан болдог.

Жишээлбэл:

 Австрали улсын 28 сая үхэр, 110 сая хонь жилд 3 сая тонн орчим метан ялгаруулдаг гэж тооцоолжээ. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй гэвэл 3 сая тонн метан нь 180 сая тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэнэ. Энэ улсын хувьд нийт метаны 55% орчим нь мал аж ахуйгаас ялгардаг гэж үздэг.  Эндээс мал аж ахуй эрхлэлт нь дэлхийн дулааралд нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас дутуугүй нөлөөлдөг болох нь харагдаж байна.

Цаашилбал, мал аж ахуй нь дэлхийн цэвэр усны нөөцийг их хэмжээгээр бохирдуулж, бууруулж байгаа төдийгүй малын бэлчээр, малын тэжээл тариалах талбай хүрээгээ тэлж онгон зэрлэг газар нутгийн хэмжээ хумигдсаар байна.  Хүн төрөлхтөний мах идэх хүслийг хангахын тулд малын тоо толгой болон бэлчээрийн талбайг ийнхүү нэмэгдүүлж байгаа нь ой мод устах, цөлжилт хурдацтай явагдах үндсэн шалтгаан болж байгаа ажээ.

Гэтэл хүнсний ургамал тариалахад шаардагдах газар нутаг, ус болон  түлш, эрчим хүчний зардал нь мал аж ахуй эрхлэлттэй харьцуулахад маш бага байдаг. Нөгөөтэйгүүр  үр тариа, жимс, хүнсний ногоо тариалалт нь хүлэмжийн хийд өчүүхэн бага хэмжээгээр нөлөөлдөг.

Дэлхийн дулааралд асар их нөлөөлж буй метаны хэмжээг багасган дэлхийн дулаарлыг бууруулах хамгийн энгийн, хурдан бөгөөд үр нөлөөтэй арга нь хүн төрөлхтөн амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах юмуу бууруулж ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх явдал гэж эрдэмтэд зөвлөж байна.

Түүнчилэн махны хэрэглээг багасгах нь эдийн засагт бусад олон давуу талтай. Үүнд: эрүүл мэндийн зардал их хэмжээгээр буурч, засгийн газраас мал аж ахуйг дэмжихэд зориулж буй зардал, хөрөнгө оруулалт хэмнэгдэх төдийгүй цэвэр усны хүртээмж нэмэгдэн, газрын хөрс сайжирч, цөлжилт буурч ойжуулалт нэмэгдэж, улмаар аялал жуулчлал өргөжих зэрэг ач холбогдлыг хэлж болно.

 

Цагаан хоол хэрэглэх нь СО2 бууруулахаас илүү хялбар бөгөөд ач тустай

 

Метан ялгаралтыг нэмэгдүүлдэг хүнс болох амьтны гаралтай хүнс хэрэглэхээс татгалзах нь дэлхийн дулаарлыг огцом бууруулах ач холбогдолтой бөгөөд нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулахаас илүү хялбар аргад тооцогдддог.

Учир нь:

Нэгдүгээрт, цагаан хоол хэрэглэснээр метаны эх үүсвэрийг ямар нэг сөрөг үр дагаваргүйгээр 100% бууруулах боломжтой гэж үздэг. Харин эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр нүүрсхүчлийн хийг ийм хэмжээгээр бууруулах боломжгүй юм.

 

Хоёрдугаарт, нүүрсхүчлийн хий ялгаруулагч шатахуун хэрэглэдэг технологиос татгалзахын оронд дэлхийн хүн амын хооллолтыг өөрчлөх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг илүү хурдан бууруулах боломжтой гэсэн тооцоог судлаачид гаргажээ.  Тэжээвэр хивэгч амьтны эргэлтийн хувь нь нэг юмуу хоёр жил учир махны хэрэглээг багасгаснаар метаны ялгаралтыг хурдан бууруулах бололцоотой ажээ. Гэтэл машин болон цахилгаан станцын эргэлтийн хувь нь хэдэн арван жил байдаг. Хямд, хий ялгаруулдаггүй шатахуун олдоцтой байлаа ч гэсэн дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэхэд олон арван жил зарцуулагдах болно. Нөгөөтэйгүүр метан нь агаар мандалд нүүрсхүчлийн хийнээс 10 дахин богино хугацаанд байх учир метаны ялгаралтыг бууруулснаар дэлхийг илүү хурдан хөргөх бололцоотой гэж үзэж байна.

 

Гуравдугаарт
, нүүрсхүчлийн хийг бууруулах чиглэлээр хийж буй аливаа үйл ажиллагаа нь хүчтэй, баян бизнесийн салбарын (автомашин болон газрын тосны үйлдвэрүүд) эсэргүүцэлтэй тулгардаг. Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх (цагаан хоол хэрэглэх) замаар мал аж ахуйгаас ялгарах метаныг бууруулах нь илүү хялбар байх болно. Тэгэхээр хүн бүрийн эх дэлхийдээ туслах энгийн бөгөөд шилдэг арга нь махны хэрэглээг хязгаарлах буюу бууруулах явдал юм.

 

Төгсгөлд нь, хүлэмжийн хий дэх метаны эх үүсвэрийг бууруулах нь хүрээлэн буй орчинд өөр олон ашиг тустайг бас санах хэрэгтэй. Тухайлбал, метаны хэмжээ буурахад хүний эрүүл мэнд болон хөдөө аж ахуйд хор хөнөөл учруулж агаар бохирдуулагч-орчих мандлын озон буурна.

 

Зөвлөмж


·        Дэлхийн дулаарлын эсрэг аливаа компанит ажлын тодорхой хэсгийг цагаан хоол дэлгэрүүлэхэд чиглүүлэх

·        Засгийн газрын бодлогод газар тариалан эрхлэлт, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон цагаан хоолны хэрэглээг дэмжих талаар тусгах

·        Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллаагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулдаг байгаль орчны татварыг мал аж ахуй эрхлэгчид болон махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид мөн ногдуулдаг болох

·        Сургуулийн үдийн хоол зэрэг Засгийн газрын хөтөлбөрүүдэд цагаан хоол нэвтрүүлэх ажлыг дэмжих

·        Дэлхийн дулаарлын эсрэг улс орнуудын засгийн газраас авч явуулж буй арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, зарим ижил төстэй арга хэмжээг өөрийн оронд хэрэгжүүлэх


зохиогч
          
 ШУТИС-ийн Хүнс-биотехнологийн сургуулийн багш, Н.Оюундарь

Япон улсын Кинки их сургуулийн докторант