Увс нуур

Увс нуур

Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350  га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Сүүлийн 100 жил нуурын ус нэмэгдэх төлөвтэй байна. Увс нуур д.тд 759м буюу төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм.

 
Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.
Экологи
 Увс нуурын орчмын экосистемийн нуур орчимд өндөглөх болон зусдаг усны шувуудын амьдрах өвөрмөц орчин бөгөөд намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цуглаан үүсгэдэг. Увс нуур давстай бөгөөд  1 литр усанд 18.7 гр-н агууламжтай, бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас бүрдэнэ.. Нуурын хөвөө хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ойтой учраас малын бэлчээрт нэн тохиромжтой.  
  Тус нуур нь 10 сараас 5 сар хүртэл хөндөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.
Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүнээс алтайн сугасыг (Oreoleuciscus potanini) барьж идэх боломжтой.
 Увс нуурын ай сав
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлзэлтэй: өвөл −58°C хүрч байхад зун 47°C байх жишээтэй.
Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэнээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон. 
2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…" хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.
 
- See more at: http://uvsnutag.mn/index.php?view=uvspedia&type=content&id=646#sthash.MCDu61XK.dpuf