Баруун хилийн аюулгүй байдлыг хангахад тагнуулын ажиллагаа
- Хэрэв та тийм хүсэлтэй, зорилготой бол дараах хувь хүний нууц алдахгүй Google холбоосоор орж нам байгуулахад шаардагдах гишүүнчлэлийн өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж өгнө үү.
- Таны бичсэн гар утасны дугаарын дагуу очиж цаасан дээр таны гарын үсгийг зуруулж авах болно. https://forms.gle/NCYTLGDCmBH1mk7u6
Тагнуулын байгууллагын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг арга хэмжээнүүдийн нэг нь 1940-өөд оны дунд үед баруун хилийн орчим болон Шинжааны нутагт зохион байгуулсан гадаад тагнуулын арга хэмжээ юм.
1930-аад оноос манай улсын баруун хязгаартай хил залгаа орших Шинжаан мужийн ард олны дундах шашин мөргөл, нутаг бэлчээр, ястан үндэстний зөрчил илт хурцдав. Энэ үеэс Дотоодыг Хамгаалах Газрын /ДХГ/ тагнуулын ажлын нэгэн хэсэг нь Хятадын Шинжаан мужийн хятад бус үндэстэн, ястны эрх чөлөөний тэмцлийг дэмжин туслалцаа үзүүлэх МАХН-ын Төв Хороо, Коминтерны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байв.
Шинжаан мужийн ястан үндэстний энэ байдлыг ашиглан тэгш эрхийг хангасан ардчилсан хувьсгалт тусгаар тогтносон улс байгуулахыг дэвшилт ардчилсан хэсэг нь зорих болсны зэрэгцээ тус мужийг хятадын захиргаанд бүрэн оруулж, БНМАУ-ыг баруун талаас нь довтлох, түшиц газар болгохыг гоминданы хятадын эрх баригчид хичээж байв.
Энэ үед Шинжааны босогчид МАХН-ын Төв Хороотой харилцаа тогтоож, тусламж хүсэв. ДХГ-аас Шинжаан муж дахь гоминданы хятадын цэрэг-тагнуулын байгууллага, мөн муж дахь англи, японы тагнуулчдыг илрүүлэн, тэднээс босогчдын эгнээнд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг судлах зорилгоор Шинжаан мужийн Турфан, Кашгар, Хами, Шар сүмийн чиглэлд хэд хэдэн хүнийг явуулсны дээр суурин тагнуулч нараа үүрэг даалгавраар ханган ажиллуулсан байна.
Шинжааны ард олны эрх чөлөөний тэмцэл, түүнд монголын тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүрэг, оролцоо нь тодорхой хэмжээнд амжилтад хүрч, Шинжааны ард олон 1933 оны 4 дүгээр сард ардчилсан засаг тогтоосноо тунхаглажээ. Ардчилсан шинэ засаг 1942 онд гоминданы хятадын цэргийн хүчинд цохигдсон боловч тэндэх хятад бус үндэстэн, ястныг эрх чөлөөний тэмцэлд нягтруулж, 1945 онд Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулах угтвар нөхцлийг бүрдүүлж өгчээ.
Энэхүү бүс нутаг нь Монгол, Орос, Хятадын хил хязгаарын уулзвар гэдгээрээ цэрэг, стратегийн ач холбогдолтойд тооцогдож, их, бага гүрнүүдийн ашиг сонирхол давхацсан “халуун цэг” болж байв.
Шинжаан мужид тогтнон байсан Шэн Шицайн Засгийн газар Гоминьданы Засгийн газрын нөлөөгөөр 1943 онд ЗХУ-аас харилцаагаа тасалж, мэргэжилтнүүдийг нь буцаан, Гоминьданы бодлогыг илэрхий баримтлах болжээ. Иймд Шинжааны олон үндэстэн ястны эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл хөдөлгөөн тэр тусмаа Алтайн босогчдын хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Шинжаан мужийн Кулжаа, Ил Тарвагатайн уйгар, торгууд, казах ястнаас Гоминьданы Хятадын эсрэг боссон хөдөлгөөнийг дэмжихэд манай тагнуулын арга хэмжээ чиглэгдэх болов.
Тагнуулын байгууллагаас баруун хилийн нөхцөл байдал, Оспаны хүсэл эрмэлзлэлийг урьдчилан тодруулсаны үндсэн дээр 1944 оны 2 дугаар сард Ховд аймгийн Булган сумын Алаг толгой хэмээх газар маршал Х.Чойбалсан, И.Оспан нарын уулзалтыг тагнуулын шугамаар зохион байгуулж, Монголын талаас Оспанд винтов 395, пулёмат 36, автомат 45-ыг үлэмж хэмжээний сум, галт хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ.
Уг уулзалтаас 2 сарын дараа БНМАУ-ын Засгийн газраас “Шинжааны цэргийн эрх баригчдын мөрдлөгө, хавчлагаас зугтсан казах өрх айлуудыг БНМАУ дүрвэгч хэмээн хүлээн авч байгаа бөгөөд казах иргэдийг мөрдөн хөөсөн хятадын цэргүүд Шинжааны зүүн хойд хэсгээр БНМАУ-ыг түрэмгийлэн нисэх онгоцоор дүрвэгчид болон Монголын нутаг дэвсгэрийг галласан байна. БНМАУ улсын хил зөрчин орж ирсэн Шинжааны цэргүүдэд няцаалт өгөв. Хэрэв цаашид Шинжааны цэргүүд тус улсын хилийг зөрчих бол 1936 онд байгуулсан Харилцан туслалцах хэлэлцээрийн дагуу Зөвлөлт улс тусална гэдэгт итгэж байна...” хэмээн мэдэгдэл гаргажээ.
Маршал Х.Чойбалсан, И.Оспан нарын уулзалтаас хойш БНМАУ-ын Засгийн газраас босогчдын хүчийг дэмжиж Гоминьданы Хятадын эсрэг хийх тэмцлийг идэвхжүүлэх ажлын эрчимтэй зохион байгуулж эхлэв.
1943-1944 онд Гоминьданы Хятадын эзэмшилд байсан Шинжааны олон ястны дунд тэдний эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөж, Гоминьданы Хятадууд тэр тэмцлийг устгах нэрийдлээр цэргийн үлэмж хүчийг Шинжаан муж тийш татаж, цэрэг, цагдаагийн харуулыг монголын хил рүү ойртуулан суулгаж, улмаар тус улсыг тагнан турших ажлыг хүчтэй болгосон байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Тагнуулын байгууллагаас Оспаны цэрэг дайчдад зэвсгийн тусламж үзүүлэх, тэднийг сургахад дэмжлэг үзүүлж байв. 1945 онд Ховд, Баян-Өлгий аймгийн иргэдээс бүрдсэн “Партизаны отряд” Оспаны бүлэгтэй хүч хавсран Шинжааны нутагт байлдааны ажиллагаа явуулж байв.
Энэ үед Тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байсан гол арга хэмжээ нь Шинжаан мужийн засгийн эсрэг боссон олон ястны ард түмнээс эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн хөдөлгөөнтэй Алтайн хасгийн босогчдын тэмцлийг холбоход дэмжиж тэднийг чиглүүлж, хамтран ажиллах, үүгээр дамжуулан Гоминьданы Хятадын эсрэг тэмцэх гол зорилгыг баримтлан ажиллаж байв.
Үүний дагуу энэхүү даалгаврыг биелүүлэхэд чиглэсэн тагнуулын олон арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Оспаны бослогыг Шинжааны Алтай нутагт өргөтгөх зорилгоор “Ховог сайрын операци” хэмээн нэрлэгдсэн Ховд аймгийн Булган сумын торгууд ардуудаас бүрдсэн Б.Дүгэр, Т.Амарзаяа нарын удирдсан групп 1944 оны 4-9 дүгээр сар хүртэл, “Каваа, Буурчийн операци” хэмээн нэрлэгдсэн Баян-Өлгий аймгийн казах иргэдээс бүрдсэн аймгийн дарга Хавийн ахалсан групп 1944 оны 3-7 дугаар сар хүртэл, “Цонж хотын чиглэлд хийсэн операци“ хэмээн нэрлэгдсэн Б.Дүгэрийн ахалсан групп 1944 оны 10-12 дугаар сар хүртэл, “Хөх толгойн чиглэлд хийсэн операци” хэмээн нэрлэгдсэн Баян-Өлгий аймгийн Хужирт, Дэлүүн, Толбо сумдын казах иргэдээс бүрдсэн аймгийн намын хорооны дарга Ногойн ахалсан отряд 1944 оны 5-10 дугаар сар хүртэл, тэрчлэн ахлах дэслэгч Шийлэгийн ахалсан “Шар тохойн чиглэлд хийсэн операци”, ахлах дэслэгч Шийлэг, Д.Жамъян нарын удирдсан “Дотор Харын чиглэлд хийсэн операци”, Ховд аймгийн Үенч сумын казах иргэдээс бүрдсэн Ө.Сагадайгаар удирдуулсан 1944 оны 9 дүгээр сарын 2-нд Шинжааны Мулейхэ хошууны нутагт 25 хоногийн хугацаатай явагдсан “Мулейхэ хошуунд хийсэн операци” зэрэг Шинжаан мужийн олон үндэстэн, ястны эрх чөлөөний төлөөх бослого хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Гоминьданы Хятадын эсрэг бослого гаргуулах, Оспаны гаргасан ухуулах хуудсыг тараах, нутгийн ардуудыг нүүлгэж түүний талд оруулах, цэргийн зориулалттай засмал зам, гүүрийг дэлбэлэх, телефон утас таслах, цэргийн буудал, баазыг устгах, мал, хоол хүнс, тэжээл олзлох үүрэгтэй олон отряд, группийг явуулж тухай бүр зорилгоо биелүүлж байв.
1943 оны 12 дугаар сард Оспаны босогчид гоминьданы цэргийн дайралтад шахагдан БНМАУ-ын хилд түр байрлахаар ирэхдээ дээр тодорхойлсноор 2200 хүн амтай 360 өрх байсан бол дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд 1944 оны мөн үед Шинжааны Алтай аймгийн Каваа, Хөх толгой, Чингэл хошууд болон Шар сүмийн ойролцоо газруудын бүх хасаг урианхай нар болон Цонж хот, Мулейхэ, Сантай дахь хасгуудаас хятадын эсрэг бослого гаргаж, Алтайн босогчид 45000 хүн амтай, 3700 гаруй өрх айл бүхий хүчтэй болсон байна.
Босогчдын лагерь нь Хөх тохой, Хар Түнгэ, хоёр Чингэл болон Цагаан гол, Үрэнгэ гол, Шар тохой, Давсан түнгэ зэрэг үндсэн нутгаа эзэмшин суурьшаад зудын байдлаас бэлчээр дутагдаж, 1500 өрх айлууд нь манай хил Байтаг богд, Хавтага уул зэрэг нутгаар нутаглаж байв. Алтайн босогчдын хүрээ өргөжиж Шинжааны Ил тарвагатай, Кулжаа аймгуудад хятадын эсрэг боссон уйгур, хасаг, монгол ястнуудын талархлыг хүлээж, нэгэн зорилгод нягтран тэмцэл явуулахдаа харилцаа тогтоон хятадтай тэмцэл явуулах болсон байна.
И.Оспан нь 1930-аад оны дундаас орон нутгийн үндэстнүүд, тэдний нутаг дэвсгэрийн талаарх Шен Шицайн бодлогод дургүйцсэн урсгал хөдөлгөөнөөс улс төрийн агуулгатай эсэргүүцэлд шилжиж, дараа нь үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөө Туркестаны хөдөлгөөнийг дэмжиж, 1943-1945 оны завсар Монголыг түшиглэж, 1946 оны дундаас тэрээр ЗХУ-ын шууд оролцоотойгоор хойт Шинжааны 3 тойргийг хамран байгуулагдсан Дорнод Туркестан Улсын удирдлагатай эвдрэлцэн Алтайн казахуудын бүс нутгийг өөрийн эрхшээлдээ оруулж авахын тулд Туркестаны хөдөлгөөнөөс болон Монголтой тогтоосон холбоогоо тасалж, Гоминьдантай хамтран ажиллах болсон нь Монголын талаас ч түүний тухайд баримтлах бодлого өөрчлөгдөхөд хүргэж байжээ. И.Оспаныг Гоминьданыхан талдаа татахад хүчтэй нөлөөлсөн нэгэн хүчин зүйл бол санхүүгийн дэмжлэг байв.
Тагнуулын байгууллагаас И.Оспаны талаар цуглуулсан зарим мэдээнээс үзэхэд: “Оспан нь Алтайд 6-7 жилийн турш дээрмийн ажил явуулж, тус нутагт хамгийн баян этгээд болсон. 1944 онд Оспан нь бог мал 5000 гаруй, адуу 500 гаруй, үхэр 300 гаруй, тэмээ 100 гаруйтай болсон. Тэрээр Алтайн казак ард түмний эрх ашгаас хувийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг. Харин Оспаны 1-р орлогч Далелхан язгуураас хэргэм зэрэг залгамжлан ирсэн угсаа бүхий учир ард түмний дотор алдар хүндтэй, зохион байгуулах авъяас чадвартай мэдрэл хүмүүжлээр сайн” хэмээн тодорхойлж байжээ.
1945 оны 7 дугаар сард Дорнод Туркестан Улсыг Гоминьданаас чөлөөлж, 9 дүгээр сард Алтай аймгийг энэ улсын бүрэлдэхүүнд оруулж, аймгийн даргад И.Оспаныг томилов. Гэвч ганцхан аймгийг захирах нь түүнд чамлалттай санагдаж, энэхүү томилолтод сэтгэл дундуур байсан нь дараа дараагийн үйл явдлуудаас тодорхой харагддаг.
1946 оны 3 дугаар сард Гоминьданы Засгийн газар Шинжаан мужид өөрийн засаг захиргааг байгуулж, Оспаныг өөртөө татах, Туркестаны удирдлагуудтай муудалцуулах янз бүрийн явууллага хийсэн нь “үр дүнгээ” өгсөн юм. Оспан Туркестанд захирагдахгүй хэмээн Алтай аймгийн Шар сүмд суухаа больж, бие даан Гоминьданы Хятадын Засгийн газартай харилцах болжээ.
Гоминьданы Засгийн газар Оспаны хүсэлтийг ёсоор болгож, хоол хүнс, зэвсэг хэрэгслээр хангаж, зөвлөхүүдээ дэргэд нь суулган, Шинжааны казахуудыг түүний мэдэлд захируулж туг, тамга өгч улмаар ЗХУ, Монголын эсрэг турхирах болов. Оспан Америкийн тагнуулын байгууллагын төлөөлөгчтэй ч холбоо тогтоож, хамтарч байсан баримтууд байдаг. Хятадын Ардын чөлөөлөх арми Шинжаанд нөлөөгөө тогтоож, Оспантай харилцахыг оролдсон боловч харин ч эсэргүүцэлтэй тулгарсан байна. Иймд Оспаны эсрэг тэмцэх болж, хамтарч ажиллах хүсэлтийг Монголын талд тавьсан нь ЗХУ-ын ашиг сонирхолд ч нийцэж байсан юм.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Гоминьданы зүгээс ЗХУ, Монголын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг судалж, Оспаны бөөгнөрсөн хүчийг сарниулан устгах үүргийг Ховд аймгийн Булган сум дахь тагнуулын группд төвөөс хариуцуулсан байна.Тус тагнуулын групп олон арга хэмжээг хэрэгжүүлсний дотор Оспаныг амьдаар нь баривчлах буюу устгах зорилготой хэд хэдэн ажиллагааг явуулсан байдаг.
И.Оспаныг устгах арга хэмжээтэй холбогдуулан түүний байршлыг тодорхойлсон зураг. 1947 он
Т.Амарзаяагаар ахлуулсан групп 1947 оны 12 дугаар сард Оспаны лагерийг довтолсон боловч Оспан зугтаж, нэлээд баримт сэлтийг олзолжээ. Дээрх зорилгоор төвөөс бэлтгэсэн Б.Чилхааг 1948 оны 6 дугаар сард 8 хүний бүрэлдэхүүнтэй хоёр удаа явуулсан боловч уг даалгаврыг биелүүлж чадсангүй. Үүний дараа уг үүргийг гүйцэтгүүлэхээр Л.Дандар /улсын баатар/ ахлагчтай группыг 2 удаа явуулсан боловч мөн биелүүлж чадаагүй юм.
Монголын тагнуулын байгууллагаас 1940-өөд оны дунд үед хэрэгжүүлсэн баруун хил, Шинжаан мужид зохиосон тагнуулын эдгээр томоохон арга хэмжээний үр дүн нь Шинжаан муж дахь олон ястан угсаатны эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж ажилласнаар зүүн хязгаарт Японы түрэмгийлэл идэвхжиж, улс орны аюулгүй байдалд заналхийлж байсан хүнд үед баруун хязгаарын аюулгүй байдлыг хангаж, Гоминьданы Хятадын цэргийн эрхтнүүдээс баруун хил рүү довтлох бодлого, хүчийг сулруулах, цэргийн гол хүчийг нь Шинжаан мужийн олон ястны хөдөлгөөн рүү чиглүүлэх, Монголын баруун хилийг цэрэг-тагнуулын хүчээр өнгөлзөн эзлэх гэсэн санаархлыг таслан зогсооход оршиж, тавьсан зорилгоо бүрэн дүүрэн хэрэгжүүлжээ.
Доктор Б.Эрдэнэбилэг
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар