PUBG -г хориглолоо

PUBG -г хориглолоо

Энэтхэгийн засгийн газар үндэсний аюулгүй байдлын үүднээс PUBG оролцуулаад 118 мобайл програмыг тус улсад үйл ажиллагаа явуулахыг хориглоод байна. Энэ хориг бол Энэтхэгийн програм хориглох дөрөв дэх ажиллагаа байсан бөгөөд хориглосон Хятад програмуудын нийт тоо 233 болжээ.

Хятадын Худалдааны яам Пүрэв гаригт Энэтхэгийн засгийн газраас Хятадын гар утасны програмуудыг ихээр хориглож байгаа арга хэмжээг хатуу шүүмжилж, ийм үйлдэл нь хөрөнгө оруулагч, үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж мэдэгдэв.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн Энэтхэгт хандан "алдаагаа засахыг" уриалсан байна.

"9-р сарын 2-нд Энэтхэгийн Электроник, мэдээллийн технологийн яам Энэтхэгийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний батлан ​​хамгаалах, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн дэг журмыг алдагдуулах аюултай гэсэн шалтгаанаар Хятадын 118 програмыг Энэтхэгт ашиглахыг хориглохоо мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Хятад улс маш их санаа зовж, хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж байна " гэж Гао Фэн мэдэгдсэн байна.



9-р сарын 2-нд Энэтхэгийн Мэдээлэл, технологийн яамнаас интернетийн аварга том компани болох Tencent, Alibaba мөн Хятадын 118 мобайл програмуудад хориг тавихаа мэдэгдсэн юм.

Энэтхэгийн эрх баригчдын хориглосон програмуудад Tencent-ийн ажиллуулдаг алдартай гар утасны тоглоом PUBG, Weiyun үүлэнд технологид суурилсан мэдээлэл хадгалах үйлчилгээ, WeChat харилцааны платформ орж байгаа юм.

Alibaba-ийн дижитал төлбөрийн үйлчилгээ болох Alipay мөн орсон бөгөөд энэ үйлчилгээг ашигладаг Baidu, Sina нарын үйлчилгээнд давхар нөлөөлж байгаа юм.

Хамгийн сүүлийн хориг нь Хятад, Энэтхэгийн хил дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон маргааны дараа гарсан шийдвэр юм.
Хориглолтын эхний давалгааг 6-р сарын 29-нд Энэтхэгийн эрх баригчид Хятадын 59 програм, түүний дотор видео хуваалцах платформ TikTok-ийг хаах шийдвэр гаргаснаа зарласан. Сарын дараа тус улс Baidu Search, Weibo зэрэг Хятадад хөгжүүлсэн 47 програмд ​​хориг тавьжээ.

Өнгөрсөн 6-р сард Энэтхэгийн Ладахын бүс нутаг Хятадын Аксай Чин мужтай хил залгаа оршдог Галваны хөндийд хоёр улс мөргөлдөж, Энэтхэгийн 20 цэргийн албан хаагч амь үрэгдсэн билээ. Харин Хятадын тал одоо болтол хохирогчдын тоог нарийвчлан мэдээлээгүй байсаар байна.